← Хэнбэ?

Нууцлалын бодлого

Ноорог · шинэчилсэн 2026.10.17

“Хэнбэ?” (henbe) нь найзуудаасаа нэрээ нууцалсан мессеж авах үйлчилгээ. Энэ хуудас бид ямар мэдээлэл цуглуулдаг, юунд ашигладаг, хэрхэн устгадгийг товч тайлбарлана.

Хэн хариуцдаг вэ

Үйлчилгээг L'Atelier Gege LLC эрхэлдэг. Холбоо барих: support+henbe@gege.mn.

Мессеж хүлээн авагч (бүртгэлтэй хэрэглэгч)

  • Apple эсвэл Google-ээр нэвтрэхэд тэдний өгдөг хэрэглэгчийн дугаар (ID). Нууц үгийг тань бид хэзээ ч харахгүй.
  • Таны сонгосон хэрэглэгчийн нэр, хүсвэл харуулах нэр. Эдгээр нь таны линк дээр бусдад харагдана.
  • Мэдэгдэл илгээхэд хэрэгтэй төхөөрөмжийн токен.
  • Танд ирсэн мессежүүд.

Мессеж илгээгч (бүртгэлгүй)

  • Мессежийн текст.
  • IP хаяг болон төхөөрөмжийн төрлөөс гаргасан хэш (HMAC-SHA256). IP хаягийг өөрийг нь хадгалдаггүй.
  • Күүки (cookie) hb_sid: таны хөтөч дээр 2 жил хадгалагдах санамсаргүй танигч. Нэр, хаяг зэрэг ямар ч мэдээлэл агуулдаггүй. Зөвхөн хэт олон мессеж илгээхийг хязгаарлах, блок болон хоригийг IP хаяг солигдсон ч хэрэгжүүлэхэд ашиглана. Серверт зөвхөн хэшийг нь хадгалдаг, хүлээн авагчид хэзээ ч харагдахгүй.
  • Ойролцоо хот, улс (Cloudflare-аас тодорхойлсон).
  • Төхөөрөмжийн төрөл, жишээ нь iPhone, Android (хөтчийн мэдээллээс).

Илгээгчийн эдгээр мэдээллийг хүлээн авагчид хэзээ ч харуулахгүй. Бид зөвхөн хэт олон мессеж илгээхийг хязгаарлах, блоклох, гомдол шалгахад ашигладаг. Бид хуурамч мессеж илгээдэггүй, илгээгчийг “илрүүлнэ” гэж амладаггүй.

Модерац

Мессеж бүрийг хүлээн авагчид хүргэхээс өмнө автоматаар шалгадаг: эхлээд түлхүүр үгээр, сэжигтэй болон санамсаргүйгээр сонгогдсон зарим мессежийг Google-ийн Gemini хиймэл оюун ухаанаар. Заналхийлэл, өөрийгөө гэмтээхийг уриалах, бэлгийн агуулга, хувийн мэдээлэл задруулах (утасны дугаар, гэрийн хаяг), үзэн ядалт агуулсан мессежийг хүргэхгүй. Шалгахын тулд зөвхөн мессежийн текстийг Google руу илгээнэ.

Бусад үйлчилгээ үзүүлэгч

  • Cloudflare: сервер, өгөгдлийн сан, ботоос хамгаалах шалгалт (Turnstile).
  • Google: модерац (Gemini), Android мэдэгдэл (Firebase), Google-ээр нэвтрэх.
  • Apple: Apple-ээр нэвтрэх, iPhone мэдэгдэл.

Бид мэдээллийг зардаггүй, зар сурталчилгаанд ашигладаггүй.

Хадгалах хугацаа, устгах

  • Устгасан мессеж танд харагдахаа больно. Гомдол шалгахад хэрэгтэй тул илгээснээс хойш 90 хоног серверт хадгалагдаад бүрмөсөн устна.
  • Модерацаар саатуулсан эсвэл хүргээгүй мессеж мөн илгээснээс хойш 90 хоногийн дараа бүрмөсөн устна.
  • Илгээгчийн мэдээллийг (хэшүүд, хот, улс, төхөөрөмжийн төрөл) 90 хоногийн дараа мессеж бүрээс устгана.
  • Шийдэгдээгүй гомдолтой мессежийг гомдол шийдэгдэх хүртэл хадгална.
  • Блок тухайн күүкид 90 хоног, IP хаягт 30 хоног үйлчилнэ.
  • Апп дотроос бүртгэлээ устгахад таны бүртгэл, бүх мессеж, төхөөрөмжийн токен, нэвтрэлт тэр даруй бүрмөсөн устна. Харин хуучин линкээр тань өөр хүн мессеж хүлээж авахаас сэргийлж хэрэглэгчийн нэрийг тань 90 хоног өөр хүнд олгохгүй. Нэрээ солиход хуучин нэр тань мөн адил 90 хоног хадгалагдана.

Насны хязгаар

Бүртгэл үүсгэхийн тулд 18-аас дээш настай байх ёстой.

Холбоо барих

Асуулт, хүсэлт: support+henbe@gege.mn.